Олон нийтийн тандалт судалгаа: Эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг үл харгалзан өнгөрсөн сонгууль ардчилалд итгэх итгэлийг нэмэгдүүлэв

 Эдийн засгийн үргэлжилсэн хүндрэл, авлигын талаарх байнгын зовнилоос үл хамааран шинээр сонгогдсон засгийн газрын талаар иргэд маш өөдрөг бодолтой байгааг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-гийн Судалгааны Төвөөс явуулсан олон нийтийн санал бодлын тандах судалгааны дүн харуулж байна.  

 

БНОУХ-гийн Азийн бүсийн захирал Дэрэк Луйтэн хэлэхдээ, “Энэхүү судалгаанаас монголчууд шинэ засгийн газартаа болон ардчилсан тогтолцоонд хичнээн их итгэл хүлээлгэснийг харж байна” хэмээгээд, “Засгийн газар иргэдийн итгэлийг алдахгүйн тулд эдийн засаг, авлига гэх мэт чухал асуудлуудад анхаарлаа хандуулж нийт монголчуудын эрх ашгийн төлөө тууштай ажиллах хэрэгтэй” гэв. 

 

БНОУХ-гийн судалгаанд хамрагдагсдын 80 хувь нь 6 дугаар сарын 29-ний өдөр өгсөн саналаа дахин өгөхөд бэлэн гэж хариулснаас үзэхэд Улсын Их Хурлын өнгөрсөн сонгуулийн дүнд иргэд сэтгэл ханамжтай байгааг харж болно. Санал асуулгад оролцогчдын тэн хагасаас илүү хувь нь шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийг өгсөн амлалтдаа хүрнэ гэдэгт маш итгэлтэй (16 хувьюмуу ерөнхийдөө итгэлтэй (40 хувь) байна гэж хариулжээ. Өмнөх судалгаатай харьцуулахад улс орныг зөв чиглэл рүү явж байна гэж үзэж буй иргэдийн хувь 19-өөс 31 хувь болон 12 хувиар өсч, буруу чиглэлд явж байна гэж тодорхойлсон иргэдийн хувь 61-ээс 47 хувь болж 14 хувиар буурсан байна.  

 

Буруу чиглэлд явж байна гэж хариулсан иргэдийн 45 хувь нь эдийн засгийн хүндрэл, тогтворгүй байдлыг шалтгаан нь болохыг нэрлэсэн бөгөөд нийт оролцогчдын 80 хувь нь өнөөгийн эдийн засгийн байдлыг муу юмуу тун муу байна гэж дүгнэсэн байна. Мөн түүнчлэн оролцогчдын 76 хувь нь авлигыг ноцтой асуудал гэж үздэгээс авлига өнөөг хүртэл санаа зовних асуудал хэвээр байгааг илтгэсэн болно.   

 

Оролцогчдын 37 хувь нь сонгуульд санал өгснөөр улс орны талаар шийдвэр гаргахад нөлөөлөх боломжтой болдог гэдэгтэй бүрэн санал нийлдэг, 43 хувь нь ерөнхийдөө санал нийлдэг, нийтдээ 80 хувь нь санал нийлдэг гэж хариулсан нь санал өгөх болон ардчлалын талаарх иргэдийн ойлголтод ардчилсан сэтгэлгээ туссан байгааг илэрхийлж байна. Энэ оны 3 дугаар сард хийсэн судалгаатай харьцуулахад ардчилсан тогтолцоог чинээлэг эдийн засгаас илүүд үздэг иргэдийн тоо 27-оос 37 хувь болж 10 хувиар өссөн байна.   

 

Түүнчлэн улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх дүгнэлт сайжирсныг энэхүү судалгаанаас харж болно. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адил тэгш төлөөлөлтэй гэдэгтэй бүрэн санал нийлдэг иргэдийн тоо 12-оос 21 хувь болж өссөн бол ерөнхийдөө санал нийлдэг иргэдийн тоо 27-оос 35 хувь болж нэмэгдсэн байна. Гэвч нийт оролцогчдын 40 хувь нь улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоонд тулгарч буй гол бэрхшээл нь эрчүүд давамгайлсан улс төрийн бүтэц гэж үзжээ.  

 

 

Тандалт судалгааны мэдээлэл цуглуулалтыг 2016 оны 3 дугаар сарын 1-ээс 15-ны өдрүүдэд Улаанбаатар хот, 13 аймагт БНОУХ-гийн Судалгааны Төвийн өмнөөс Нийгмийн Бодлого Хөгжлийн Судалгааны Хүрээлэн болон Чисапик Бийч Консалтинг (Chesapeake Beach Consulting) компани Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр гүйцэтгэсэн18-аас дээш насны иргэдээс ганцаарчилсан ярилцлагын аргаар судалгааг авсан бөгөөд улсын хэмжээнд нийт 5,000 иргэдийг хамруулсан ба түүврийг Улаанбаатар хот болон аймагууд, дүүрэг болон сумдаар бүлэглэн бүсчлэв. Амжилттай ярилцлагын хувь 96 байсан ба 95 хувийн итгэлийн түвшинд түүврийн алдааны хязгаар ±1.4 хувиас хэтрээгүй болно. 

Up ArrowTop