Олон нийтийн санал бодлын тандалт судалгаа: Эдийн засгийн үргэлжилсэн хүндрэлийн үед монголчууд улс төрд өөрчлөлтийг хүсч байна

Улаанбаатар хот—2017 оны 6-р сарын 26-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болон 7-р сарын 7-ны өдрийн дахин санал хураалтын өмнө Монгол Улсад оршин суугаа иргэдийн дунд Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-гийн Судалгааны Төвөөс явуулсан тус судалгаагаар монголчууд улс төрийн удирдлагыг залуужуулахыг хүсэж байгаа нь, мөн түүнчлэн улс орны ерөнхий чиглэл, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал зэрэгт санаа зовнисон хэвээр байгаа нь харагдаж байна.

БНОУХ-гийн Азийн бүсийн захирал Дэрэк Лайтэн судалгааны үр дүнгийн талаар “Монголчууд хэд хэдэн зүйлд сэтгэл дундуур байгаа бөгөөд урьдын адил улс төрд өөрчлөлтийг хүсэж буйг уг судалгаа харуулж байна” гэж тэмдэглээд, “Саяхан болж өнгөрсөн сонгуулийн дараагаар шинээр сонгогдсон ерөнхийлөгч болон Улсын Их Хурал (УИХ) иргэдийн санаа зовниж буй асуудлуудын хүрээнд үр дүнтэй арга хэмжээ авахын тулд хамтран ажиллах эрмэлзлээ харуулах нэн чухал шаардлага үүсч байна” гэв.

Нийт судалгаанд оролцогчдын 72 хувь нь “Монголын хувьд одоо залуу үеэ улс төрийн лидер болгох цаг нь ирсэн” (үүнээс 46 хувь нь “бүрэн санал нийлдэг”, 26 хувь нь “ерөнхийдөө санал нийлдэг”) гэж хариулсан бол 75 хувь нь залуучуудын хэрэгцээ, санаа бодлыг улс төрчид сонсдоггүй (үүнээс 34 хувь нь “бүрэн санал нийлдэг”, 41 хувь нь “ерөнхийдөө санал нийлдэг”) гэж үзсэн байна.

Тус судалгааны дүнг 2016 оны 8-р сарын судалгаатай харьцуулбал УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн сонголтоо өнөөдөр ч дахин хийнэ гэж хариулсан оролцогчдын хувь 22 хувиар буурсан нь 2016 оны 6-р сард сонгогдсон УИХ иргэдийн хүлээлтийн хэмжээнд ажиллаж чадаагүйг харуулж байна. Сонгогчид Засгийн газрыг эдийн засгийг сайжруулах (38 хувь нь “маш муу”, 38 хувь нь “ерөнхийдөө муу”), авилгатай тэмцэх (39 хувь нь “маш муу”, 36 хувь нь “ерөнхийдөө муу”), ядуурлыг бууруулах (44 хувь нь “маш муу”, 38 хувь нь “ерөнхийдөө муу”) болон ажилгүйдлийг бууруулах (33 хувь нь “маш муу”, 45 хувь нь “ерөнхийдөө муу”) зэрэг асуудлын хүрээнд хангалтгүй ажилласан хэмээн үзсэн байна.

Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа байдал нь судалгаанд оролцогчдын улс төрийн тэнцвэртэй төр засгийг хүсэж буй хүсэлтэй нь холбоотой байх боломжтой юм. Судалгаанд оролцогчдын 50 хувь нь “УИХ-ын гишүүдийн олонх ба ерөнхийлөгч нэг намаас сонгогдсон – үр ашигтай засаг”-аас “УИХ-ын гишүүдийн олонх ба ерөнхийлөгч өөр өөр намаас сонгогдсон – тэнцвэртэй засаг”-ийг илүүд үзнэ хэмээн хариулжээ.

Судалгааны аргачлал

2017 оны 4-р сарын 24-нөөс 5-р сарын 4-ний өдрүүдэд БНОУХ-гийн Судалгааны Төвийн өмнөөс Чариот ХХК компанийн удирдлага дор Нийгмийн Бодлого Хөгжил Судалгааны Хүрээлэн тандалт судалгааны мэдэээлэл цуглуулалтыг гүйцэтгэсэн болно.

Ганцаарчилсан ярилцлагын хэлбэрээр сонгуулийн насны иргэдийг төлөөлөх 18-аас дээш насны 3,000 иргэдээс улсын хэмжээнд судалгаа авсан ба амжилттай ярилцлагын хувь 96.7 байлаа. Түүнчлэн судалгааг гүйцэтгэхэд суурин болон алслагдсан орон нутгийн иргэдийг хамруулсан болно.

Түүврийн алдааны хязгаар 95 хувийн итгэлийн түвшинд ±1.8 хувиас хэтрээгүй болно. Судалгаанд дурдагдах зарим тоон үзүүлэлтүүдийн нийлбэр бутархай оронгийн нарийвчлалын улмаас 100 хувьтай тэнцэхгүй тохиолдол гарахыг болгооно уу.

Up ArrowTop