Монгол Улс дахь олон нийтийн санал бодлын судалгаа: Иргэд улс орны эдийн засаг, авлигын талаар санаа зовниж, ардчилсан засаглалыг дэмжиж байна 

Улаанбаатар, Монгол Улс – Иргэд улс орны эдийн засаг, авлигын талаар санаа зовнисон ч, ардчилсан засаглалыг хүчтэй дэмжиж буйг Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)-гийн Асуулга судалгааны төвийн Монгол дахь олон нийтийн санал бодлын судалгаа харууллаа.  

Өнөөдөр улс оронд тулгамдаж буй хамгийн чухал асуудлуудын талаар асуухад дийлэнх монголчууд эдийн засагтай холбоотой асуудлуудыг нэрлэжээ. Тухайлбал, хамгийн олон дурдагдсан гурван хариултад үнийн өсөлт, амьжиргааны өртөг гэж иргэдийн 58 хувь, ажилгүйдэл гэж 26 хувь, эдийн засгийн бусад ерөнхий асуудлууд гэж 14 хувь нь хариулжээ. 

Харин 2021 оны 03-04-р сард явуулсан санал асуулгад иргэдийн 34 хувь нь эрүүл мэндийн үйлчилгээ, КОВИД-19 цар тахлыг Монголд тулгамдаж буй хамгийн чухал асуудлууд хэмээн нэрлэж байв. 

Түүнчлэн, монголчуудын 74 хувь нь авлигыг маш ноцтой асуудал гэж үзсэн бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх институцүүдэд итгэх итгэл нэн доогуур байгаа нь судалгааны үр дүнгээр харагдав. Иргэдийн 64 хувь нь Авлигатай тэмцэх газар, 66 хувь нь шүүх байгууллага, 62 хувь нь Улсын их хурлын талаар сөрөг хандлагатай байдгаа илэрхийлжээ. 

БНОУХ-гийн Ази, Номхон далайн бүсийн захирал Жоанна Као “Монголчууд өнөөгийн эдийн засгийн байдал, авлигатай тэмцэх төр засгийн хүчин чармайлтад сэтгэл дундуур байгааг судалгааны үр дүн тод харуулж байна” гэж тэмдэглээд, “Сонгуульт албан тушаалтнууд эдгээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх илүү дорвитой арга хэмжээг түргэн авах шаардлагатай” гэв.  

Түүнчлэн, монголчуудын 67 хувь нь ардчилал бол засаглалын хамгийн сайн хувилбар гэж үзсэнийг судалгааны үр дүн онцлов. 

“Монголын ард иргэдэд тулгамдаж буй асуудал нэлээдгүй бий ч иргэдийн дийлэнх олонх нь ардчилсан засаглалд итгэл хүлээлгэж буй нь олзуурхууштай. Эгэх хариуцлага, ил тод байдал, улс төрийн үйл явц дахь олон талт байдлыг нэмэгдүүлснээр төрөөс улс орны хөгжлийг зөв замд нь чиглүүлэхэд томоохон түлхэц болно” гэж хатагтай Као тэмдэглэжээ. 

Судалгааны аргачлал  

​Тус судалгааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр БНОУХ-гийн Асуулга судалгааны төвийн өмнөөс Хараат бус судалгааны хүрээлэн (IRIM) гүйцэтгэсэн болно. IRIM-ийн дуудлагын төвөөс 2022 оны 03-р сарын 01-нээс 04-р сарын 26-ны өдрүүдэд компьютер ашиглан утсаар хийх ярилцлага (CATI)-ын аргаар судалгааны мэдээллийг цуглуулав. Санал асуулгад Монгол Улсын 18 болон түүнээс дээш насны 2,500 иргэнийг түүврийн аргаар сонгон хамруулав.  

Хүн амын тооцоололд үндэслэн үндэсний хэмжээнд төлөөлөхүйц төлөөллийг сонгохдоо олон шатат санамсаргүй түүврийн аргыг ашигласан болно. Өрхүүдийн холбоо барих мэдээллийн жагсаалтыг IRIM-ийн дотоод мэдээллийн сангаас цуглуулав. Түүврийг бүс нутаг хийгээд хот төв, хөдөөгийн оршин суугчдын ангиллаар ангилав. Өрхүүдийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгож, хамгийн сүүлд төрсөн өдөр нь тохиосон өрхийн гишүүнийг судалгаанд хамруулах аргачлалыг ашиглав.   

Судалгааны мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан хүн амын тоо, статистикт нийцүүлэн хүйс болон насны бүлгээр хуваан ангилсан болно. Амжилттай ярилцлагын хувь 19 хувь байсан бөгөөд түүврийн алдааны хязгаар ± 1.9 хувь байна. Илтгэлд дурдагдах зарим тоон үзүүлэлтийн нийлбэр бутархай оронгийн тоймлолын улмаас 100 хувьтай тэнцэхгүй байх магадлалтай.

Up ArrowTop