БНОУХ-гийн Санал асуулга, судалгааны төвийн судалгаа: Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн гутранги үзэл нэмэгдэж байна

Улаанбаатар хот Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-гийн Санал асуулга, судалгааны төвөөс гаргасан ээлжит судалгаагаар ажилгүйдэл, үнийн өсөлт ба авилгаас үүдэн Монгол Улсын иргэдийн дунд гутранги үзэл нэмэгдэж байгааг тодорхойлжээ.

Судалгаанд оролцогчдын 61 хувь нь Монгол Улсын хөгжил “буруу чиглэлд” явж байна гэж хариулсан нь 2011 оны мөн үзүүлэлтээс 23 хувиар өссөн бөгөөд оролцогчдын 92 хувь нь Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг муу, болон маш муу хэмээн дүгнэжээ. Мөн 56 хувь нь өрхийн эдийн засгийн нөхцөл байдал нь улам доройтсон гэж үзэж байгаа бол 48 хувь нь ажилгүйдэл Монгол Улсад нүүрлэж буй хамгийн том асуудал хэмээн хариулжээ.

БНОУХ-гийн Азийн бүс нутгийн захирал Дэрэк Лютэн “Монгол Улсын эдийн засгийн хэцүү байдал нь иргэдэд хүндээр нөлөөлж буй нь илт байна”, “Монгол Улсын иргэд ажилгүйдэлтэй нүүрлэж, авилгын түвшин өндөр байна гэж үзэж байгаа тул бухимдах нь аргагүй.”  хэмээв.

Судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 83 хувь нь эрх барьж буй засгийн газрыг муу болон маш муу ажиллаж байна гэж хариулсан. Мөн 75 хувь нь авилгыг хамгийн гол тулгамдсан асуудал гэж нэрлэсэн бөгөөд Засгийн газрын зүгээс авилгатай тэмцэх хангалттай арга хэмжээ авч хэрэгжүүлж чадахгүй байна гэж үзжээ. Түүнчлэн оролцогчдын 15 хувь нь сонгуулиар санал авах зорилгоор улс төрийн намууд тэдэнд хээл хахууль санал болгосон удаа бий гэж хэлсэн байна .

Эдгээр сөрөг үзүүлэлтийн зэрэгцээ Монголчуудын дийлэнх хувь нь улс төрийн намууд урт хугацаанд тогтвортой ажиллах засгийн газрыг дэмжиж, 2016 оны сонгуулийн дараа нь ч идэвхтэй үйл ажиллагаа явуулах ёстой гэдэгтэй санал нийлж байна. Судалгааны үр дүнгээс харахад эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх нь улс төрийн намуудын цаашдын хөгжлийн гол аргын нэг гэж үзжээ. Монголчуудын 62 хувь нь улс төрчид эмэгтэйчүүдийн хэрэгцээ, санал бодлыг сонсдоггүй гэж хэлж байгаа бөгөөд нийт оролцогчдын гуравны хоёр нь улс төрийн намууд эмэгтэйчүүдийг улс төрийн удирдагчийн байр суурьт хүрэхэд нь илүүтэй дэмжлэг үзүүлэх ёстой гэдэгтэй санал нийлсэн байна.

Судалгааны аргачлал                                 

Тандалт судалгааг 2016 оны 3-р сарын 1-нээс 15-ны өдрүүдэд Улаанбаатар хот, 13 аймагт гүйцэтгэсэн болно. 18-аас дээш насны сонгууль өгөх чадамжтай иргэдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон судалгаа авсан бөгөөд улсын хэмжээнд нийт 5,000 иргэдийг хамруулсан. Амжилттай ярилцлагын хувь 95.24 байсан ба түүврийн алдааны хязгаар ±1.4 хувиас хэтрээгүй болно.

Тус судалгааг Нийгмийн Бодлого Хөгжлийн Судалгааны Хүрээлэн БНОУХ-гийн удирдлаган дор Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр гүйцэтгэв.

БНОУХ нь Монгол Улсад 1992 оноос үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол Улсын ээлжит сонгууль бүрийн өмнө сонгуулийн үйл явцыг дэмжих ажлыг гүйцэтгэж ирсэн ашгийн бус, нам бус байгууллага юм. БНОУХ-гийн эрхэм зорилго нь ардчилсан институцүүдийг бэхжүүлэх болон төрийн ардчилсан тогтолцоонд итгэх ард түмний итгэлийг төлөвшүүлэхэд оршино.

 

###

Up ArrowTop