Sorry, you need to enable JavaScript to visit this website.

Олон нийтийн санал бодлын тандалт судалгаа: Сонгуулийн дараах өөдрөг үзэл буурч, эдийн засгийн асуудлууд санаа зовоосоор байна

March 24, 2017

Улаанбаатар хот – УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа явуулсан судалгаагаар харагдсан иргэдийн дундах өөдрөг үзэл одоо буурч байгааг мөн эдийн засгийн хүндрэл, авлигын талаарх олон нийтийн зовнил үргэлжилж байгааг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-гийн Судалгааны Төвөөс явуулсан ээлжит олон нийтийн санал бодлын тандах судалгааны дүн харуулж байна.

2016 оны 8-р сард хийсэн өмнөх судалгааны талаар “Энэхүү судалгаанаас Монголчууд шинэ Засгийн газартаа болон ардчилсан тогтолцоонд хичнээн их итгэл хүлээлгэснийг харж байна” гэж БНОУХ-гийн Азийн бүсийн захирал Дэрэк Лайтэн хэлж байсан бол “Энэ удаагийн судалгаагаар дээрх өөдрөг үзэл, хөөрөл зогссон байна. Одоо Монголын Засгийн газар юуны түрүүнд ард түмнийхээ санаа зовоосон асуудлуудыг шийдэх бодлого боловсруулж, шийдвэртэй ажиллах ёстой болж байна” гэж дурджээ.

“Монгол Улс буруу чиглэлд явж байна” гэж хариулсан иргэдийн хувь хэмжээ 10 нэгжээр өсч 54 хувь болсон байхад “Монгол Улс зөв чиглэлд явж байна” гэж хариулсан иргэдийн хувь хэмжээ 9 нэгжээр (31-ээс 22 хувь болж) буурчээ. “Монгол Улс буруу чиглэлд явж байна” гэж хариулсан иргэдийн 39 хувь нь эдийн засгийн тогтворгүй байдал, орлогын тэгш бус байдлыг шалтгаанаар нь нэрлэжээ.

Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал “муу” (52 хувь) эсвэл “маш муу” (30 хувь) гэж нийт оролцогчдын 82 хувь нь хариулсан бөгөөд энэ нь иргэд эдийн засгийн нөхцөл байдалд сэтгэл хангалуун бус байсаар байгааг илтгэж байна. Түүнчлэн авлигыг гол тулгамдсан асуудал мөн гэж үзэж буйгаа 72 хувь нь илэрхийлж, 27 хувь нь тэдэнтэй болон тэдний таньдаг хүмүүстэй төрийн албан хаагчидтай холбоотой авлига тохиолдож байсан гэж хариулжээ.

Хэдийгээр Монголын улс төр дэх шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд адил тэгш төлөөлөлтэй байгаа гэж иргэдийн дийлэнх хүлээн зөвшөөрч байгаа ч, тэдний 63 хувь нь улс төрийн намууд эмэгтэйчүүдийг удирдлагын түвшинд ажиллахад нь дэмжиж, илүү их зүйлийг хийх шаардлагатай гэдэгтэй “бүрэн” (21 хувь) эсвэл “ерөнхийдөө” (42 хувь) санал нийлж байна гэж хариулжээ.

Судалгааны аргачлал

2017 оны 1-р сарын 23-аас 2-р сарын 5-ны өдрүүдэд БНОУХ-гийн өмнөөс Чисапик Бийч Консалтинг (Chesapeake Beach Consulting) компанийн удирдлага дор Нийгмийн Бодлого Хөгжлийн Судалгааны Хүрээлэн тандалт судалгааны мэдээлэл цуглуулалтыг Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр гүйцэтгэсэн.

Ганцаарчилсан ярилцлагын хэлбэрээр 18-аас дээш насны 5,000 иргэдээс улсын хэмжээнд судалгаа авсан ба амжилттай ярилцлагын хувь 97.2 байлаа. Түүвэрт Улаанбаатар хот болон 13 аймгийг хамруулж, цаашид дүүрэг болон сумдаар бүлэглэн бүсчилсэн. Түүнчлэн суурин болон алслагдсан орон нутгийн иргэдийг хамруулан судалгааг гүйцэтгэсэн болно.

Түүврийн алдааны хязгаар 95 хувийн итгэлийн түвшинд ±1.4 хувиас хэтрээгүй болно. Тус судалгааны тайланг олон улсын стандарт, зах зээлийн болон нийгмийн судалгааны аргачлалын дагуу боловсруулан бэлтгэсэн. Илтгэлд дурдагдах зарим тоон үзүүлэлтүүдийн нийлбэр бутархай оронгийн нарийвчлалын улмаас 100 хувьтай тэнцэхгүй тохиолдол гарахыг болгооно уу.