Улаанбаатар, Монгол Улс – Иргэд ардчилсан засаглалыг чин хүсэж харин улс орны ирээдүйн чиг хандлага болон төрийн бодлого боловсруулах шийдвэрүүдэд иргэн хүний нөлөөлөх боломжид санаа зовниж буйг Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)-гийн Асуулга судалгааны төвийн Монгол дахь олон нийтийн санал бодлын судалгаа харууллаа.
Иргэдийн 72 хувь нь Монгол Улсын хувьд ардчилал бол засаглалын хамгийн сайн хувилбар мөн гэдэгтэй санал нийлсэн боловч цаашид үргэлжлүүлэн сайжруулах шаардлагатай гэж үзсэн байна.
БНОУХ-гийн Ази, Номхон далайн бүсийн захирал Жоанна Као “Дэлхий даяар олон улс орон ардчиллаас ухарч байна гэж хүмүүс үзэж байхад Монголын ард түмэн нээлттэй, ил тод улс төрийн тогтолцоог гойд дэмжиж байгаагаа илэрхийлж байна” гэж тэмдэглээд, “БНХАУ, ОХУ-тай хиллэдэг улс орон ардчиллыг чин хүсэж байгааг харах урамтай байна” гэв.
Гэсэн хэдий ч Монгол Улсын өнөөгийн чиг хандлагын талаар асуухад монголчуудын 48 хувь нь Монгол Улс буруу чиглэл рүү явж байна гэж хариулсан бөгөөд КОВИД-19, ажилгүйдэл, эрүүл мэндийн үйлчилгээ, эдийн засаг болон боловсролын асуудлуудад санаа зовж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, ардчилсан засаглалыг гойд эрхэмлэж байгаа хэдий ч иргэдийн 72 хувь нь үндэсний хэмжээнд гарч буй шийдвэрүүдэд энгийн иргэд нөлөөлөх магадлал бага гэж үзжээ.
“Монгол Улс зөв чиглэлд явж чадна гэдгийг иргэдэд итгүүлэхийг хүсэж байвал тус улсын удирдагчид эрүүл мэндийн үйлчилгээ, эдийн засагтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай нь харагдаж байна. Хэрэв тэд эдгээр асуудлуудыг амжилттай шийдвэрлэж чадвал илүү олон хүн өөрсдийн хамгийн санаа зовж буй асуудлууд дээр бодлого боловсруулагчдад нөлөөлөх боломжтой юм байна гэж үзэж магадгүй” гэж хатагтай Као хэлэв.
Судалгааны аргачлал
Тус судалгааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр БНОУХ-гийн Асуулга судалгааны төвийн өмнөөс Хараат бус судалгааны хүрээлэн (IRIM)-гээс гүйцэтгэсэн болно. IRIM-ийн дуудлагын төвөөс 2021 оны 3-р сарын 11-нээс 4-р сарын 20-ны өдрүүдэд компьютер ашиглан утсаар хийх ярилцлага (CATI)-ын аргаар судалгааны мэдээллийг цуглуулав. Санал асуулгад Монгол Улсын 18 болон түүнээс дээш насны нийт 2,520 иргэнийг түүврийн аргаар сонгон хамруулав.
Хүн амын тооцоололд үндэслэн үндэсний хэмжээнд төлөөлөхүйц төлөөллийг сонгохдоо олон шатат санамсаргүй түүврийн аргыг ашигласан болно. КОВИД-19 цар тахлын улмаас мэдээлэл цуглуулалтыг CATI дээр үндэслэн хийв. Өрхүүдийн холбоо барих мэдээллийн жагсаалтыг IRIM-ийн дотоод мэдээллийн сангаас цуглуулав. Түүврийг бүс нутаг, хот, хөдөөгийн оршин суугчдын ангиллаар ангилав. Өрхүүдийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгож, хамгийн сүүлд төрсөн өдөр нь тохиосон өрхийн гишүүнийг судалгаанд хамруулах аргачлалыг ашиглав.
Судалгааны мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан хүн амын тоо, статистикт нийцүүлэн хүйс болон насны бүлгээр хуваан ангилсан болно. Амжилттай ярилцлагын хувь 27 хувь байсан бөгөөд түүврийн алдааны хязгаар ± 1.92 хувь байна. Илтгэлд дурдагдах зарим тоон үзүүлэлтийн нийлбэр бутархай оронгийн тоймлолын улмаас 100 хувьтай тэнцэхгүй байх магадлалтай.
Top